Ханиад, томууны өвчлөл ихэсдэг өвлийн улиралтай зэрэгцэн Коронавирусийн (Covid-19) халдвар зэргэлдээ БНХАУ-д дэгдэж, дэлхий даяар сэрэмжилж байгаа нь сүүлийн үед хүн бүрийн анхаарлын төвд байна. Олон улсад уг вирусийг бүрэн судалж дуусаагүй бөгөөд одоогийн байдлаар вирусийн халдвараас сэргийлэхэд хамгийн чухал нь дархлаагаа дэмжих гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Дархлаа сайн бол зөвхөн коронавирусээр тогтохгүй бусад төрлийн үүсгэгчээр үүсгэгддэг ханиад, томуу, халдварт өвчнөөс хамгаалж чадна.
Дархлаа гэж юу вэ?
Таны эргэн тойронд ойр ойрхон ханиад хүрч, байнга чөлөө авдаг хүмүүс байдаг уу? Эсвэл ханиад, томууны дэгдэлтийн үед ч эрүүл чийрэг байж, өвддөггүй хүмүүсийг хараад гайхаж байв уу? Үүний шалтгаан нь дархлааны тогтолцоонд бий. Дархлааны тогтолцоо гэдэг нь бидний бие организмд гадны бичил биет нэвтрэхэд хамгийн түрүүнд хариу үйлдэл үзүүлдэг хамгаалалтын механизм юм. Дархлааны тогтолцоо сайн ажиллавал өвчин тусах магадлал төдий чинээ бага байдаг. Гэсэн хэдий ч хүчтэй дархлааны тогтолцоотой байх нь огт өвдөхгүй гэсэн үг биш.
Хооллолт, хөдөлгөөн зэрэг амьдралын хэв маяг, дадал зуршилдаа багахан өөрчлөлт хийх нь вирусийн халдварын эсрэг дархлааны тогтолцоог сайжруулах нөлөөтэй байдаг. Хоногт 8 цаг унтах, нарны гэрэлд алхах, зохистой хооллох зэрэг энгийн бөгөөд хялбар алхмуудыг хэрэгжүүлэх нь таны бодсоноос ч илүү ашиг тустай. Дараах энгийн зөвлөгөөг дагаж дархлааны тогтолцоогоо бэхжүүлээрэй.
Стрессээ бууруулах
Архаг стрессийн үед кортизол дааврын түвшин удаан хугацаагаар өндөр байснаар дархлааны тогтолцоог сулруулдаг. Кортизол даавар нь бие махбодиос дохио хүлээж авдаг Т эсийн (цусны цагаан эс) нөхөн төлжилтийг сааруулдаг. Мөн кортизол даавар нь эмгэгтөрөгчдийн эсрэг эхний хамгаалалт болох ходоод, амьсгалын замд хамгаалалтын давхарга үүсгэдэг IgA эсрэг биеийн ялгарлыг бууруулах үйлчлэлтэй. Стрессээ хэвийн хэмжээнд хадгалахын тулд бясалгал, иога, амьсгалын техникүүдэд суралцаж болно.
Архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээ
Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг нь олон тооны судалгааны үр дүнгээр батлагдсан. Архины хэрэглээгээ зохистой хэмжээнд барьж, уувал зохих хэмжээнээс хэтрүүлэхгүй байж чадвал эрүүл мэндийн ач холбогдолтой.
Амин дэм, шим тэжээлтэй хүнс хэрэглэх
“Өдөр бүр нэг алим иддэг бол эмнэлэгт очих шаардлагагүй” гэдэг нь оргүй хоосон үг биш. Үнэндээ амин дэм, шимт бодис нь дархлааны тогтолцоог дэмжих үйлчлэлтэй. А, B6, C, D, E амин дэмүүд нь дархлааны тогтолцоог идэвхжүүлдэг бөгөөд хамгийн хүчтэй нөлөөлдөг нь С амин дэм. Жүрж, бэрсүүт жүрж, бууцай, гүзээлзгэнэ зэрэг нь С амин дэмээр баялаг. Эмчийн заавраар амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болох ч хоол хүнсээрээ шаардлагатай амин дэм, шимт бодисыг авах нь хамгийн зөв сонголт.
Жимс, хүнсний ногооны хэрэглээгээ нэмэгдүүлэх
Жимс, хүнсний ногоо, үр, самар зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд нь дархлааны тогтолцоог дэмждэг амин дэм, шим тэжээлээр баялаг байдаг. Эдгээр хүнсийг өдөр тутам хэрэглэснээр таны дархлааны тогтолцоо хүчтэй байна. Кэйл, брокколи, байцаа зэрэг ногоо нь элэгний эрүүл мэндийг дэмждэг бөгөөд элэгний үндсэн үүрэг нь бие махбодийн хорт бодисыг шүүх юм..
Дасгал хөдөлгөөн хийх
Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь дархаалын системийг сайжруулах нөлөөтэй гэдгийг судалгаагаар тогтоосон. Дасгал хөдөлгөөн нь үрэвсэл, халдварын эсрэг хамгаалах үүрэгтэй цусны цагаан Т эсийн нөхөн төлжилтийг дэмждэг. Нөгөө талаар хэт ачаалалтай дасгалыг удаан хугацаагаар хийх нь дархлааны тогтолцоог сулруулж, ханиад томууны халдварт эмзэг болгох эрсдэлтэй.
Хангалттай унтаж амрах
Нойр дутуу үед бие дэх Т эсийн идэвх суларч, дархлааны үрэвслийн хариу урвал идэвхждэг. Энэ дархлааны систем, вакцины хариу урвалыг сулруулна. Хоногт 7-8 цаг унтаж, нойргүй хонохоос зайлсхийх хэрэгтэй. Аяллын улмаас цагийн зөрүүнд орсон тохиолдолд 2-3мг Мелатонин хэрэглэж, нойрны хэмнэлээ дахин тохируулж болно.
Тамхи татахаа зогсоох
Тамхидалт нь хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлээд зогсохгүй дархлааны тогтолцоог сулруулдаг тул тамхиа хаях нь эрүүл мэндийн ач холбогдолтой. Мөн дархлааны эмгэг хариу урвалыг идэвхжүүлж, дархлааны системийн хамгаалалтын үр нөлөөг сулруулах үйлчлэлтэй. Хэрэв танд тамхинаас шууд татгалзахад хүндрэлтэй байвал никотинтой наалт, электрон тамхи зэрэг дэмжих хэрэгслүүдийг ашиглаж болох юм.
Нарны гэрэлд байх
Өдрийн тодорхой цагт нарны гэрэлд байх нь бие махбодид Д амин дэм нийлэгжих гол нөхцлийг бүрдүүлдэг. Д амин дэм нь бие махбодид эсрэг бие нийлэгжихэд оролцдог тул дархлааны тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Д амин дэмийн хэмжээ багасах нь амьсгалын замын өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг.
Мөн нэмэлтээр гаднаас Д амин дэм хэрэглэж болох юм.
Дээрх энгийн зөвлөмжийг амьдралынхаа өдөр тутмын хэв маяг болгож чадвал дархлааны тогтолцоогоо эрүүл, хүчирхэг байлгах бүрэн боломжтой. Бие эрүүл байхад түүний хамгаалалт болсон дархлааны тогтолцоо хамгийн чухал үүрэгтэй. Бие дэх хорт нэгдлүүдийг саармагжуулж, гадагшлуулж, шаардлагатай амин дэм, шим тэжээлийг хоол хүнсээрээ авах нь хамгийн зөв сонголт. Дархлааны тогтолцоо эрүүл байснаар ханиад, томуу зэрэг халдварт өвчнөөс таныг хамгаалаад зогсохгүй хожим тохиолдож болзошгүй хорт хавдар, архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх түлхүүр болно.